​Танилц, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлэх том төслүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Мөн томоохон төслүүдээ хөдөлгөх замаар эдийн засгаа дэмжих аж. Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн газрын тосны үйлдвэр, Зүүнбаян-Тавантолгой, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын төсөл болон байгалийн хийн хоолойн ажлыг үргэлжлүүлнэ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийг түшиглэн бонд босгох замаар “Богдхан” төмөр замын төслийг эхлүүлж, Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөжээ. Мөн өмнө нь яригдаж байсан дараах төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм байна.

“Солонго” болон “Залуус” орон сууцны хорооллын төсөл

БНСУ-аас манай улсад олгох 500 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлээр 7000 гаруй түрээсийн орон сууцны “Солонго 1, 2” хорооллыг Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. Төслийн ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа учраас энэ оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Мөн энэ Засгийн газраас “Залуус 1, 2, 3” орон сууцны төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Ингэхдээ орон сууцны хороолол барих газар болон дэд бүтцийг төрөөс шийдэж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх аж. Санхүүжилтийн хувьд БНХАУ-аас олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ашиглах боломжтой гэдгээ Засгийн газраас мэдээлээд байгаа.

Тавантолгойн цахилгаан станцын төсөл

У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн цахилгаан станц төслийг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг 2020 оны дөрөвдүгээр сард гаргасан. Энэ хүрээнд “Тавантолгойн цахилгаан станц” компани байгуулагдсан. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хавар Тавантолгойн цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна.

Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэгт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төвлөрч ажиллаж байгаа аж. Тодорхой эх үүсвэрийг Эрдэнэс-Тавантолгой босгох бондоор санхүүжүүлэх, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ашиглах, оролцуулах хувилбарууд яригдаж байна. Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд  2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийг У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Энэхүү төслийг БНХАУ-ын 271 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр барихаар төлөвлөжээ. Зээлийн хэлэлцээр байгуулахаар талууд ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо хөрөнгө оруулалт  бүрэн шийдэгдэж, гүйцэтгэгчийг шалгаруулж, ирэх дөрвөн жилд ашиглалтад оруулах юм байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, хямд найдвартай эх үүсвэртэй болох юм.

“Богдхан” төмөр зам төсөл

“Богдхан” төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй “Богдхан” уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд  ашиглахаар тооцоолжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авангуутаа “Богдхан” төмөр замын төсөлтэй танилцсан. Энэ үеэр “Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ” гэж Ерөнхий сайд онцолсон.

“Богдхан” төмөр замын ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоо гараад байгаа юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилдэг 100 төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газар эхний 100 хоногтоо багтааж, эдийн засгийн хувьд хамгийн өндөр өгөөжтэй 100 төслийн ТЭЗҮ-ийг гаргаж, танилцуулах юм байна. Энэхүү төслүүд дээр төр, хувийн хэвшил хамтран ажиллах аж. Төслүүд нэмүү өртөг шингээх, боловсруулах аж үйлдвэрийг дэмжсэн чиглэлтэй байх гэнэ. Жишээ нь, зэс баяжуулах, нүүрс угаах, боловсруулах чиглэлийн төслийг түлхүү дэмжиж, түүнийг холбосон дэд бүтэц, технологийг дэмжин ажиллах аж. Үндэсний хөгжлийн газар дээр шилдэг 100 төслийг шалгаруулах, танилцуулах бэлтгэл ажил хангагдаж байгаа юм байна.

Дээрх дурдсан том төслүүд нь эрх баригч намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлууд юм. Тэгэхээр эрх баригчид ярьснаа хэрэгжүүлэхгүй дараагийн сонгуультайгаа золговол ард түмэнд сонголтоороо хариу барих нь гарцаагүй юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах