​Л.Оюун-Эрдэнэ: 12 хоногийн хөл хорио гурван үр дүн өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11.30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэлээ. Тэрээр вакцин хийлгэсний дараа нийт ард иргэддээ хандаж үг хэллээ.

Тэрээр “Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон шуурхай, шийдэмгий, системтэй шинэ бодлого хэрэгжүүлэн амжилттай ажиллахыг хийчээж ажиллаа. Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдаж байна. Монгол Улс улаан бүсээс шар бүст шилжиж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь амьдралын хэвийн горим руу шилжлээ. Хөл хорио тавих төр засгийнхаа шийдвэр хүлцэн тэвчиж, хүндлэн ойлгосон нийт ард иргэддээ, нийслэл улаанбаатарчууд, төрийн байгууллагын албан хаагчиддаа чин сэтгэлээсээ талархлаа. 12 хоногийн хугацаатай хөл хорио дараах гурван үр дүнг өгсөн гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна.

1.     Өвчний тархалтыг хумьж чадлаа. “Нэг өрх-нэг шинжилгээ” цогц арга хэмжээний хүрээнд нэг өрхийн төлөөлүүлж 411000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн байсан ч 523000 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ ажлын хүрээнд халдварын 33 голомтыг илрүүлж чадлаа. 122 хүнээс цааш тарх нөхцөлийг хумьж, айл өрх бүрийн нэгдсэн системтэй боллоо. “Нэг өрх-нэг шинжилгээ” бидэнд суурь судалгаа болж чадсан.

2.     Вакцинжуулалт эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Энэ цагаас вакцинжуулалт эхэлж байна монголчуудаа. Вакцинжуулалтын асуудал шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн Энэтхэгийн Ерөнхий сайдад илгээсэн захидал чухал үүрэгтэй байсан. Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийлж байна. Мөн вакцины ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүсийн хичээл зүтгэл өндөр байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашид вакцины хандивын болон худалдааны хэлэлцээр хийж байгаа ОХУ, БНСУ, Европын холбоо, БНХАУ, Япон улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье. Засгийн газар хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хүмүүсээ богино хугацаанд вакцинжуулахын төлөө ажиллана. ДЭМБ-ын батламжласан.

3.      Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ. Вакцинжуулалттай зэрэгцээд Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хөтөлбөр эдийн засаг хасаг зургаан хувь руу орсон нөхцөлийг өөрчилж, алдагдсан 70 мянга гаруй ажлын байрыг сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна. Одоо иргэд, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчин чармайлалт бүхнийг шийдэх учиртай.  Зөвхөн өөрийгөө бус Монгол Улсын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй, зайгаа бариарай, маскаа зүүгээрэй, дархлаагаа дэмжээрэй, вакцинд хамрагдаарай гэж уриалж байна. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшил Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бүхнээ эргүүлэн нээж чадна. Монгол ахан дүүсээ цаг наашилж байна, хаврын улирал ирж байна, шинэ цаг ирж байна. Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй. Цаг алдалгүй, хүнд амаргүй шийдвэрийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн хөл хориог 98 хувь хамт хийж чадсан шигээ ирээдүйн томоохон шийдлүүд Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, бидэнтэй хамт байхыг Ерөнхий сайдын хувьд нийт ард иргэддээ уриалж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах