​БНХАУ ОХУ-тай хамтарч Америкийг сөрөн зогсоход бэлэн байгаагаа илэрхийллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нарын Ази тив дэх Вашингтоны гол холбоотон орнуудаар хийх төрийн айлчлал мягмар гаригт эхэлсэн.

Тэд өчигдөр Японы нийслэл Токио хотноо тус улсын Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү болон Батлан хамгаалахын сайд Киши Нобүо нартай уулзаж Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь Хятадын түрэмгийлэл болон Хойд Солонгосын асуудлаар байр сууриа нэгтгэж, тодорхой хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлд цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Антони Блинкен болон Ллойд Остин нар өнөөдөр Сөүл хотноо айлчилж Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзаж, ижил асуудлын хүрээнд санал солилцох юм.

Харин үүний дараа буюу маргааш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар Аляска мужийн Анкераж хотноо БНХАУ-ын Гадаад харилцааны төв комиссын дарга Ян Жиечи болон Гадаад хэргийн сайд Ван И нарыг хүлээн авч уулзана. Энэхүү уулзалт нь АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жой Байдены засаг захирааны хувьд Бээжингийн өндөр албан тушаалтнуудтай хийх анхны дээд хэмжээний уулзалт гэдэг утгаараа олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байгаа юм.

АНУ-ын өнөөгийн төрийн тэргүүн Жой Байдены хувьд өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын Бээжингийн эсрэг хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэн хадгалах байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Цагаан ордон өнгөрөгч долоо хоногт АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын стратеги түр удирдамж”-ийг олон нийтэд танилцуулсан. Үүнд БНХАУ-ыг эдийн засаг, дипломат, цэрэг, технологийн хувьд АНУ-тай өрсөлдөж чадах дэлхийн цорын ганц хүч гэж тодорхойлсон юм.

Мөн Энэтхэг, Номхон далайн бүс дэх Бээжингийн түрэлтийн эсрэг бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлэх болсон АНУ, Энэтхэг, Япон болон Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний төрийн тэргүүн нар өнгөрөгч долоо хоногт түүхэндээ анх удаа уулзалт зохион байгуулсан. Судлаачид Куад буюу Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ нь НАТО шиг албан ёсны цэргийн эвсэл биш ч гэлээ Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөө, түрэмгийллийн эсрэг гол хүч гэж тодорхойлдог.

Үндсэндээ Доналд Трампын эрин үед худалдааны алдагдал, оюуны өмч, технологийн салбарын өрсөлдөөн зэрэг асуудлаас үүдэн Бээжин болон Вашингтоны харилцаа түүхэнд байгаагүйгээр хөндийрөх болсон. Харин Жой Байдены хувьд бүс нутгийн холбоотнуудтайгаа идэвхтэй хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэх замаар БНХАУ-ын эсрэг илүү өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлэх хандлагатай байгаа юм.

Тэгвэл БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханхуй даваа гаригт Бээжингийн эсрэг хэрэгжүүлж буй Вашингтоны бодлогын эсрэг Москватай хүчээ нэгтэн, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Орос-Хятадын цэрэг техникийн хамтын ажиллагааг хоёр орны харилцааны тулгуур багана болохыг цохон тэмдэглээд Бээжин-Москвагийн харилцаа нь манай гаригийн хүчний тэнцвэрийн баталгаа юм гэсэн юм.

Элчин сайд Жан Ханхуй энэ талаар “БНХАУ болон ОХУ нь хоёр их гүрний хувьд олон янзын нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, олон улсын хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Цаашид хоёр орны стратегийн ашиг сонирхлыг илүү үр дүнтэй хамгаалах үүднээс АНУ-тай харилцах асуудлаар Оросын талтай тогтмол харилцаа холбоо тогтооход бэлэн байна” гэжээ.

Вашингтон сүүлийн жилүүдэд Европын холбоо болон барууны холбоотнуудынхаа хамтаар ОХУ-ын эсрэг мөн хатуу бодлого, эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх болсон. Тиймээс Бээжин болон Москвагийн харилцаа баруун блокийн эсрэг улам бүр нэгдэх болж, Вашингтоны эсрэг Хятад-Оросын цэрэг, улс төрийн холбоо хүртэл байгуулагдах тухай яриа гарч байв.

Эх сурвалж: South China Morning Post, VOA, The New York Times

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах