Үл мэдэгдэх нисдэг биетүүд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлжээ

АНУ-ын хэсэг хууль тогтоогчид UFO гэгддэг үл мэдэгдэх нисдэг биетүүд тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг анхааруулаад энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Пентагоноос шаарджээ.
UFO хэмээх үзэгдлийн талаар удаан хүлээлгэсэн тайлангаа Пентагон энэ сарын 25-наас өмнө Конгресст танилцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Хангалттай мэдээлэл авч чадахгүй байх гэж санаа зовсон конгрессийн хэсэг гишүүд ийнхүү урьдчилж анхааруулсн ажээ.
“Бидний хяналтаас гадуур ямар нэг зүйл болоод байгаа нь тодорхой байна” гэж тэдний нэг, Бүгд Найрамдах Намаас Теннесси мужид сонгогдсон конгрессийн гишүүн Тим Буркет хэвлэлд ярьсан байна.
Сүүлийн жилүүдэд Пентагоны нууц архиваас задарсан гэх UFO үзэгдлийн хэд хэдэн дүрс бичлэг, гэрэл зураг олон нийтийн дунд тараад байгаа.
“Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн асуудлыг бид АНУ-ын армийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбож, нухацтай авч үзэх ёстой. Тиймээс ямар асуудалтай тулгараад байгаагаа сайн ойлгох хэрэгтэй байна” гэж Ардчилсан Намаас Нью Йорк мужид сонгогдсон конгрессийн гишүүн Шон Патрик Мэлони хэвлэлд ярьсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон Пост сонинд ярихдаа Пентагоны “Advanced Aerospace Threat Identification Program” хөтөлбөрийн захирал асан Луйз Элизондо үл мэдэгдэх нисдэг биетүүд ноцтой асуудал болсныг хэлсэн юм.
“Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн нөлөөгөөр манай цөмийн зэвсэг ажиллагаагүй болж байсан тохиолдлууд бий. Өөр улс орнуудад эдгээрийн нөлөөгөөр цөмийн зэвсэг нь идэвхжиж болзошгүйг бид судалж тогтоосон” гэж тэр ярьжээ.
Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ОХУ, Хятад зэрэг өрсөлдөгч орнуудын зэвсэг техник байж болзошгүй гэсэн таамаг яригддаг.
“Энэ бол инээдтэй яриа. Хэрвээ Оросууд UFO технологитой болсон бол бид өнөөдөр тэдний мэдэлд орсон байх ёстой. Ийм зүйл үнэхээр байдаг бол өөр гараг ертөнцийнх байх ёстой” гэж Тим Буркет ярьсан байна.
Элизондо бас дээрх таамгийг няцаагаад “Үнэхээр ийм технологи байдаг бол тэд биднээс хөгжлөөрөө 50-1,000 жилийн түрүүнд яваа гэсэн үг” гэж ярьжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах