Ши Жиньпин эрх барьсан найман жилийн хугацаанд бараг 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргажээ

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Бээжин хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр иргэдээ хэт ядуурлаас бүрэн гаргаж дууссанаа зарлажээ.

Түүний төрийн эрх барьсан найман жилийн хугацаанд бараг 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргасан гэнэ.

Ши Жиньпин энэ амжилтаа “түүхэнд бичигдэх том ялалт” гэж тодорхойлжээ. Хятадын хэмжүүрээр жилд $620 хүрэхгүй орлоготой хүнийг хэт ядууд тооцдог.

“Одоо мөрдөгдөж байгаа шалгуураар хөдөө орон нутгийн 98.99 сая иргэнийг ядуурлаас гаргаж, 832 засаг захиргааны нэгж, 128,000 тосгоныг ядуу ангиллаас гаргалаа” гэж Ши Жинъпин мэдэгджээ.

Өчигдрийн арга хэмжээний үеэр Хятадын төрийн тэргүүн ядууралтай тэмцэх үйлсэд амжилт гаргасан хүмүүст одон медаль гардуулсан байна.

Гэхдээ гадаадын экспертүүд ядуурлыг хэмжих Хятадын засгийн газрын стандарт нь дэлхийн стандартаас бага байгааг шүүмжилдэг.

Тухайлбал Дэлхийн Банкны хэмжүүрээр өдөрт $1.9-ын орлоготой хүнийг хэт ядуу ангилалд оруулдаг бол Хятадын хувьд энэ хэмжүүр $1.69 орчим байгаа юм.

Үүнээс гадна орлогын тэгш бус байдал Хятадын нийгэмд гүнзгийрснийг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Эх сурвалж: BBC

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах