Шатрын спортод яагаад сэргээшийн шинжилгээ авдаг вэ?

2008 онд мэргэжлийн шатрын их мастер Василий Иванчук нэг тоглолтод ялагдсаныхаа дараа хориотой бодисын шинжилгээнд шээсний дээж өгөх хэрэгтэй болсон байна. Ялагдсаных нь дараа ийм юм шаардсанд тэрээр маш их хилэгнэж, ширээ цохиж, хана өшиглөжээ. Түүний шүтэн бишрэгчид болон бусад бусад шатарчид ч Иванчукийг дэмжиж, допинг бидэнд огт тус болохгүй учраас ийм юм шаардах нь утгагүй зүйл хэмээж байлаа. Үнэн хэрэгтээ тэдний буруу байсан юм.

“European Neuropsychopharmacology” сэтгүүлд гарсан шинэ судалгаанаас үзэхэд модафинил ба метилфенидат гэсэн жороор олгодог бэлдмэл нь шатарчдын чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг аж.

Эхнийх нь Алертек, Модавигил, Провигил харин нөгөө нь Риталин нэрээр зарагддаг юм. Судлаачид тус хоёр бэлдмэлийг уулгасан хүмүүсийг юу ч хэрэглээгүй хүмүүстэй шатар тоглуулан туршилт хийсэн байна. Туршилтанд хамрагдсан хүмүүсийн хурд нь арай удаан байсан ч илүү ухаалаг нүүдэл хийж байжээ. Тодруулбал Модафинил хэрэглэсэн тоглогчийн нүүдэл 15 хувь, метилфенидат хэрэглэснийх нь нүүдэл 13 хувиар сайжирсан байна.

Тус судалгаанд “Эдгээр эмүүд нь тоглогчийн шийдвэр гаргах хурдыг арай удаан болгосноор төвлөрөх чадварыг дээшлүүлэх, улмаар илүү сайн нүүдэл хийх боломжийг олгодог” гэж бичжээ.

Үүнийг илүү сайн тодорхойлохын тулд судлаачид 39 эрэгтэй шатарчинг “Фриц” хэмээх шатрын хиймэл оюунт програмын эсрэг тус бүр 20 өрөг тоглуулсан байна. Тоглолт бүрийн өмнө шатарчинд жинхэнэ болон жинхэнэ гэж итгүүлсэн хуурамч эм өгсөн байна.

Судлаачид жинхэнэ эм хэрэглэсэн тоглогчдод хангалттай цаг өгөх үед хуурамч эм хэрэглэснээс илүү сайн шийдвэр гаргаж нүүдэл хийж байсан бол харин хугацаа заах үед муу нүүдэл хийж байгааг тогтоосон байна.

Энэ нь эдгээр эмүүд блиц төрөл биш харин сонгодог тэмцээнд л ашиг тусаа өгөх болно гэсэн үг юм.

Гэхдээ ингэлээ гээд шатарчин бүр допинг хэрэглэж эхэлнэ гэсэн үг биш. Мэдээж хэрэг сэтгэцэд нөлөөлдөг ийм бэлдмэлүүдийг тэмцээнүүд дээр хориглоод эхэлсэн. “Тэдгээрийг хэрэглэх нь ноцтой гаж нөлөө, донтолтод хүргэж болзошгүй. Тиймээс шатрын тэмцээнд допингийн хатуу хяналтыг нэвтрүүлэхийг зөвлөж байна.” гэж судалгааны зохиогч доктор Клаус Либ World Chess сэтгүүлд ярьжээ

Олон улсын шатрын тэмцээнд 2001 оноос допингийн сорилыг нэвтрүүлж эхэлсэн ч одоог хүртэл хэн ч шийтгэгдээгүй байна. Дэлхийн шатрын удирдах байгууллага болох ФИДЕ нь Олон Улсын Олимпийн Хорооны нэг хэсэг тул шатарчид Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийг дагах ёстой аж.

Хэрэв та шатрын тэмцээнд орохоор төлөвлөж байгаа бол илүү аюулгүй долинг хэрэглэхийг зөвлөе. Тэр бол кофе юм. Кофе хэрэглэсэн шатарчдын чадвар 9 хувиар нэмэгддэг болох нь судалгаагаар батлагдсан билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах