ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнууд 3 жилийн турш их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй

ХӨСҮТ-ийн Лаборатарын тасгийн нэр бүхий 6-7 ажилтан төсөвт хуримтлагдах учиртай их хэмжээний мөнгийг хувьдаа, хуваан завшсан байж болзошгүй асуудлыг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.  Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн гарын үсэгтэй А/48 тоот тушаал гарсан байна. Уг тушаал нь “Төлбөртэй тусламж үйлчилгээний журам жагсаалт, тариф батлах тухай” бөгөөд уг тушаалд:

  • Иргэнд төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Аж ауйн нэгж, байгууллагатай гэрээгээр урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр заажээ. Ингэхдээ орлогыг эмнэлгийн кассаар дамжуулан хүлээн авч, үндсэн үйл ажиллагааны орлогын бүртгэлд бүртгэн, эмнэлгийн цахим бүртгэлийн болон санхүүгийн программыг ашиглан төрийн сан дахь төсвийн харилцах дансанд төвлөрүүлнэ хэмээн заасан байна

Ийнхүү төлбөртэй үйлчилгээ үзүүлэхийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар баталж, 2018 оны зургаадугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлжээ. Тушаал хэрэгжиж эхэлснээр төлбөртэй үйлчилгээний орлогыг тушаалд заасан ёсоор хүлээн авахгүй, тодруулбал, үйлчлүүлэгчээс бэлнээр авч, нэр бүхий албан тушаалтнууд зохион байгуулалтад орж, хуваан, хувьдаа авдаг гэх хардлага үүсэж эхэлсэн байна. Энэ байдал даамжирсаар коронавирусын шинжилгээ авч эхлэх үеэр “тэсэрч” ийнхүү хуулийн байгууллагаар шалгуулж эхэлжээ.

Тодруулбал, гадаад улсаас эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс коронавирусийн шинжилгээ авахдаа тус бүрийг нь 150 мянган төгрөгийг бэлнээр хураан авсан, уг мөнгөний 50 хувь нь ХӨСҮТ-ийн санхүүд орсон ч үлдсэн 50 хувийн зарцуулалт тодорхойгүй байгаа асуудал үүссэн байна.  Тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 6000 орчим иргэн байгаа гэх бөгөөд тэдний шинжилгээний мөнгө нийт 900 орчим сая төгрөг болж байгаа юм байна. Гэтэл ХӨСҮТ-ийн санхүүд уг үйлчилгээний төлбөр болох 499 сая төгрөг орсон байна. Өөрөөр хэлбэл, 400 гаруй сая төгрөг дутаж байгаа нь шинжилгээ авах чиг үүрэгтэй хэлтэс буюу Лабораторийн хэлтсийн албан тушаалтнууд хувьдаа завшсан байж болзошгүй асуудал үүсчээ. Тиймээс АТГ мөрдөж, шалгалтын ажиллагаа дуусан хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа. БЗДХ лабораторийн эрхлэгч Ш.Мягмарсүрэн, БЗДХ-лабораторийн эмч Б.Амарбаясгалан, лаборант П.Пүрэвсүрэн, н.Ичинхорлоо нарын хүмүүсийг шалгаж байгаа аж. 

Энэ бол жишээ болгосон үйлдэл бөгөөд 2018.06.01-ээс буюу төлбөртэй үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд ямар ямар хэлтэс дээрээ, ямар үйлчилгээг хэчнээн төгрөгөөр гүйцэтгэхдээ дунд нь “цавцаа” хийсэн байж болох сэжүүр хөвөрч эхэлсний дохио болж байна. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д биохимийн лаборатори, вирус судлалын лаборатори, нян судлалын лаборатори, шимэгч судлалын лаборатори, ДОХ/БЗДХ-н лаборатори, вируст гепатит энтериовирусын лаборатори, микобактерийн лоборатори зэрэг шинжилгээний лабораториуд бий бөгөөд тэдний төлбөртэй үйлчилгээний төлбөр бүрэн шилжиж байсан эсэх нь ч шалгах ёстой асуудлуудын нэг болжээ.

Эх сурвалжийн мэдээлсэн бас нэгэн анхаарал татахуйц мэдээлэл бол  хувийн лабораториудын шинжилгээний дээжийг ХӨСҮТ-ийн лабораториудад хийж, хариуг гарган, тухайн хувьийн лабораториудад хүргэдэг гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан хувийн хэвшлээр дамжуулан мөнгө олж байж болзошгүй мэдээлэл байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах