‘Токио 2020’ олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулах санал гаргав

Японы Олон нийтийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Оми Шигерү баасан гаригт “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах комисст олимпыг үзэгчгүй зохион байгуулах зөвлөмж хүргүүллээ.
Улмаар “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах комисс Засгийн газрын “COVID-19” цар тахлын ахлах зөвлөх Оми Шигерүгийн саналыг хэлэлцэхээр болсон байна. “Токио 2020” олимпын наадам ирэх сарын 23-ны өдөр нээлтээ хийх хуваарьтай. Японы эрх баригчид болон ОУОХ-ны хувьд олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах нь хамгийн том сорилт болсоор байна.
Гэвч өнгөрөгч сард Японы эмч нарын холбоо Үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын үүднээс олимпын наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэх хөдөлгөөн эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд “Токио 2020” зуны олимпын наадмын албан ёсны хэвлэлийн түнш болох Японы “Asahi Shimbun” сонин болон Японы үүрэн холбооны тэргүүлэгч “Soft Bank” тэргүүтэй хөрөнгө оруулагчид нэгдээд байгаа юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах комисс олимп болон паралимпын наадмын зохион байгуулалтад оролцохоор бүртгүүлээд байсан 10 мянган сайн дурын ажилтан ажил хаясан талаар мэдээлсэн.
Гэхдээ Япон улсад коронавирусийн халдварын тархалт харьцангуй намжаад байна. Тухайлбал, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт 850-2850 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах