Путин Паркинсоны өвчтэй гэв үү?

Владимир Путин тархины нэг төрлийн өвчтэй хэмээн оношлогдсон учир Ерөнхийлөгчийн суудлаасаа буух шаардлагатай болсон хэмээн өөрийгөө нууц тагнуулын албанд ажилладаг байсан гэдэг Москвагийн нийтлэгч, улс төрийн шинжлэх ухаанч Валери Солови мэдээлжээ. Түүний мэдээ өчигдөр/2020.11.6/ АНУ, Их Британийн хэвлэл мэдээллүүдээр шуугиан тарьсан юм. Sun, Dailt Mail, New York Post тэргүүтэй барууны хэвлэл мэдээллийн эх сурвалжууд дуу дуугаа авалцан “Путин Паркинсоны өвчтэй” бөгөөд дараа жил суудлаасаа бууна хэмээн мэдээлцгээжээ.

Солови өмнө нь Москвагийн олон улсын харилцааны хүрээлэнгийн олон нийттэй харилцах албаны дарга байсан бөгөөд суудлаасаа бууснаас хойш цахим орчинд нийтлэл бичдэг идэвхтэн болсон билээ. Тэрбээр өөрийнхөө ажлаас гарсан шалтгааныг улс төрийн дарамт шахалтад орсон хэмээн тайлбарладаг аж. Түүний мэдээллийг барууны эх сурвалжууд маш ихээр сонирхдог бөгөөд Солови өөрөө ч тэдний сонирхлыг татах учраа сайн олжээ. Тэрбээр өмнө нь Украины сэтгүүлч Дмитри Гордонтой ярилцаж байхдаа өөрийгөө зарим улс орны засгийн газруудаас, тэр байтугай холбооны аюулгүй байдлын алба, гадаад тагнуулын алба Оросын цэргийн тагнуул зэргээс хамаагүй илүү хүчирхэг олон улсын нууцлаг байгууллагад ажилладаг хэмээн хэлж байсан юм.

Солови ийнхүү мэдээлэхдээ Путин Ерөнхийлөгч суудлаасаа буусны дараа хэрхэх талаар хууль батлуулж байгааг жишээ болгон тайлбарласан аж. Гэхдээ Кремлиний төлөөлөгч Дмитри Песков дээрх мэдээллийг эрс үгүйсгэж “Путин огцрох болоогүй. Түүний эрүүл мэнд маш сайн байгаа” хэмээн мэдээлсэн байна.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах