Манай тамирчин Саид Моллаи хүрэл медаль хүртэв

Бишкек хотноо зохион байгуулж буй жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Саиед Моллаи хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Саиед Моллаи 81-ын жинг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камяабиг 1.05 минутад цэвэр ялсан.

Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикистаны Акмал Муродовыг 2.32 минутад цэвэр ялсан ч хагас шигшээд зохион байгуулагч орны жүдоч Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Владимир Золоевт вазари үнэлгээгээр ялагдсан.

Ингээд хүрэл медалийн төлөө “Жакарта-2018” Азийн наадмын аварга Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч хүрэл медалийн болзол хангасан юм. Энэ нь түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль бөгөөд өмнө нь 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байжээ.

Түүний жинд эзэн орны Владимир Золоев түрүүлсэн бол БНСУ-ын Ли Мүн-Жин мөнгө, Узбекистаны залуу од Шарафиддин Болтабоев, С.Моллаи нар хүрэл медаль хүртэв.

Тэмцээнийг хоёр өдрийн дараах байдлаар БНСУ 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах