Дэлхийд гуравт орох том алмаз эрдэнийн чулууг Ботсвана улсаас олборложээ

Ботсвана улсын нутгаас дэлхийд гуравт орох том буюу 1,098 каратын хэмжээтэй алмаз эрдэнийн чулуу олборлосноо тус улсын Дэбсвана компани өчигдөр зарлажээ.Зургаадугаар сарын 1-ний өдөр олборлосон уг чулууг Дэбсвана компанийн гүйцэтгэх захирал Линет Армстронг өчигдөр Ботсвана улсын ерөнхийлөгч Мокгвеци Масисид үзүүлсэн байна.

Өмнө нь 3,106 каратын Куллинан нэртэй эрдэнийн чулууг 1905 онд Өмнөд Африкаас, 1,109 каратын Лэсэди Ла Рона нэртэй чулууг 2015 онд Ботсванаас олборлож байсан нь дэлхийд нэг, хоёрдугаарт эрэмбэлэгддэг юм.

“Бидний урьдчилсан тооцооллоор энэ бол дэлхийд гуравт орох том алмаз эрдэнийн чулуу юм. Уг чулууг De Beers компани, эсвэл Ботсвана улсын төрийн өмчит Окаванго Диамонд компанийн аль нэгээр дамжуулж зарах асуудлыг бид удахгүй шийднэ” гэж Армстронг мэдэгджээ.

Чулууны овор хэмжээ нь 73 х 52 х 27 мм юм байна. Дэбсвана бол Anglo-American компанийн алмаз эрдэнийн чулууны салбар болох De Beers компани болон Ботсвана улсын засгийн газрын хамтарсан компани юм.

Ботсвана улсын засгийн газар ногдол ашиг, рояалти, татвар хэлбэрээр Дэбсвана компанийн ашгийн нийт 80 орчим хувийг орлого болгон авдаг байна.

Коронавирусийн цар тахлын улмаас Дэбсванагийн олборлолт 2020 онд 29 хувиар унаж, 16.6 сая карат хүрсэн бол орлого нь 30 хувиар унаж, $2.1 тэрбумд хүрсэн ажээ.

Тахлын дараах эдийн засгийн сэргэлт үнэт чулууны эрэлтийг нэмэгдүүлж буй тул Дэбсвана компани 2021 онд олборлолтоо 23 сая каратад хүргэх зорилт тавьсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах