Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа НУУХ зөрчил их байна

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс  covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.  


ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЭХ ХАНДИВ ТУСЛАМЖАА НЭГ ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

-Хятадын тал Монгол Улсыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр тоног төхөөрөмж олгохоор болсон гэх мэдээллийг тус улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан. Энэхүү тусламж нь хэзээ орж ирэх вэ. Хэр бодитой дэмжлэг болох вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад өнгөрсөн есдүгээр сард айлчилсан. Энэ үеэр  манай улсад Covid-19 халдвартай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Манай улсад covid-19 халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан тусламж дэмжлэг үзүүлэх хугацааг наашлуулах талаар Хятад улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Эрүүл мэндийн яамнаас  санал тавьсан. Хятадын Засгийн газраас  манай улсад олгож буй санхүүжилт тусламж дэмжлэгээ  нэг дахин нэмэгдүүлэхийг шийдвэрлэсэн тухайгаа бидэнд мэдээлсэн. Бид бүхэн  нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн тооцоо судалгааг шинэчилж Элчин сайдын яаманд хүргүүлсэн. Энэ талаар хоёр орны Засгийн газар, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна.

Тусламжийн хүрээнд PCR шинжилгээ хийх дөрвөн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө гэдгийг Хятадын тал мэдээлсэн. Энэ дагуу бид ойрын өдрүүдэд PCR оношилгооны дөрвөн тоног төхөөрөмжийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээр лабораториудыг хүлээн авснаар covid-19 халдварыг лабораториор оношлох хүчин чадал нэмэгдэх юм. Бидэнд тусламж дэмжлэг үзүүлдэг хандивлагч орнуудад талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛД  ШИНЭЭР ГУРВАН ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТЛУУДЫГ ТОГТООХОД 14-28 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

-Улаанбаатарт covid-19 халдварын анхны батлагдсан тохиолдол тээврийн жолоочоос үүдэлтэй болохыг мэдээлж байсан. Гэвч олон нийт зөвхөн тээврийн жолоочоос бус өөр халдварын эх үүсвэр байж болзошгүй гэх эргэлзээ, таамаг байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар халдварын нийт хэчнээн голомт байна вэ?

-Манай улсад covid-19 халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө улс орнуудад халдвар гинжин хэлхээгээр тархаж байгааг бид харж байсан. Тухайлбал, Өмнөд Солонгост гэхэд сүмд нэг хүн очсноос хойш Covid-19 халдварын 70 гаруй тохиолдол батлагдаж байсан. Бие биенээсээ халдвар авч гинжин хэлхээ үүсч байсныг бид улс орнуудын жишээнээс харж байлаа. Энэ тохиолдол бусад улс орны жишгээр манай улсад ч бас гарч байна.

Улаанбаатар хотод анхны тохиолдол бүртгэгдснээс хойш нийслэлийн есөн байршилд батлагдсан тохиолдлуудтай ямар нэгэн байдлаар холбоо хэлхээ үүсч 52 хүн халдварт өртсөн. Жишээ нь, гэр бүлийн эхний тохиолдол гарахад төрөл садан, найз нөхөд зэрэг 10 гаруй тохиолдол, улмаар найз нөхөд нь үзвэр үйлчилгээ, караокед орсон, нэг орцонд амьдардаг зэрэг хүмүүс салбарлаж өвдсөн.

Covid-19  халдвартай хүнтэй  1.5 метрээс дотогш зайнд  гэр бүлийн хүрээнд, караоке, баар зэрэг газраар орсон хүмүүс өвчилж байна. Эхний батлагдсан тохиолдлоос үүдэн нэг айл гэр бүлийн дөрөв, таван хүн зэрэг өвдөж байна, орцны найм, есөн айлаас гэр бүлийн хүмүүс зэрэг үргэлжилсэн голомтууд бий. Халдварын тархалтын хэлхээг олж тогтоохын тулд өвдсөн бүхний хойноос мөшгиж, одоогоор 900 гаруй хавьтлыг илрүүлснээс 61 ойрын хавьтлыг илрүүлсэн,  тандалт, судалгаа хийж байна. Хавьтлыг илрүүлэх бүрт covid-19 халдварын батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна гэсэн үг. Давтан шинжилгээ өгсөн 556 хүн байгаа бол гурав дахь удаагийн шинжилгээнд хамрагдсан 160 хүн байгаа юм. Эхний шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч давтан шинжилгээнүүдэд хариу нь эерэг гарч covid-19 батлагдаж байна.

Зарим хүмүүс хэт ойрын хавьтал учраас  дөрвөн удаагийн шинжилгээнд хамруулж байгаа юм. Одоогоор 28 хүн дөрвөн удаагийн шинжилгээ өгсөн.  Хавьтлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг бид цаг тухай бүрт нь мэдээлдэг. Халдварын эх уурхай нь нэг боловч олон байршилд өвчлөл олон гарсан. Нэг цаг үеийн хугацаанд өвчлөл гарсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, халдварын эхний нууц үеийн хугацаа нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эхний нууц үеийн хугацаа дууссан ч халдвараас үүдэлтэй өвчлөлүүд гарч байгаа учраас халдварын хариу арга хэмжээний хугацаа хойшлогдлоо гэсэн үг. Нэг, хоёр хүнээс үүдэлтэй хэдэн ч хүн өвдөх эрсдэлтэй. Халдвартай нэг хүнээс  23 хүн өвдөх эрсдэлтэй тул энэ тоо нэмэгдэх эрсдэл байгаа юм. Гэхдээ бид маш богино хугацаанд хариу арга хэмжээ авч хүмүүсийг тусгаарласан учраас өдий зэрэгтээ байна.

-Манай улс одоо үүссэн нөхцөл байдлаа шийдвэрлэхэд хэдий хугацаа шаардлагатай гэж та бүхэн тооцож байна вэ?

-Батлагдсан тохиолдлуудын зарим нь хавьтал болсон хүнээ хэлэхгүй байх асуудал гарч байна. Тандалт, судалгааны явцад тухайн хүнтэй ойрын хавьтал болсныг илрүүлж, батлагдсан тохиолдол гарч байна. Тухайлбал, Улаанбаатарт шинээр гурван тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтооход 14-28 хоног үргэлжилнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал бол нэг сар үргэлжлээд намжихгүй.

Эхний тохиолдол бүртгэгдснээс хойш эхний хоёр сарын хугацаанд хариу арга хэмжээгээр зогсоож чаддаг ч  халдварын тохиолдлууд цааш үргэлжилнэ. Гэхдээ улсын хэмжээнд халдварыг тархаахгүйн тулд тодорхой голомтод хянаж, тухайн голомтыг хязгаарлаж ажиллах нь гол онцлог. Ийм жишиг дэлхий нийтэд ч байна. Тэгэхээр халдварын голомтыг барих 14 хоногоос гадна  хяналтын 14 хоногийн хугацаа байдаг.

Энэ хугацаанд батлагдсан тохиолдлуудыг дахин шинжилгээнд хамруулах, хянах арга хэмжээ авдаг. Хариу арга хэмжээ, хөл хориог цаг алдалгүй авч хэрэгжүүлснээр өвчлөл тархах эрсдэлийг 55 хувь бууруулж байна гэсэн үг.

Хэрэв шуурхай хариу арга хэмжээ аваагүй бол 275 тохиолдол 500 болох эрсдэлтэй. Халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш шуурхай арга хэмжээ авсан учраас халдвар тархахаас 70-80 хувь хамгаалж байна гэж бид тооцож байна.

Бид хөл хорио тогтоож, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх арга хэмжээг авснаар өвчлөл тархах эрсдлийг 3-4 дахин бууруулсан гэж үзэж байгаа. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй.

-Халдварын батлагдсан тохиолдлууд өөр хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал, өнөөдөр улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 712 боллоо. Дотоодод батлагдсан болон гаднаас зөөвөрлөгдсөн нийт тохиолдлыг нэгтгэхээр 59 хүн дутаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсад covid-19 халдварын нийт бүртгэгдсэн 712 тохиолдол байна. Халдвар гарч буй кластер өвчлөлийн голомтод 275 иргэн. Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлоос гадна Монгол Улсад дөрвөн кластер бий. Эхний батлагдсан тохиолдол, төмөр замын кластер, ХӨСҮТ-ийн 10 эмч ажилтан өвчилсөн. Энэ сарын 16-наас хойш өвчлөл нэмэгдээгүй. Энэхүү кластерийг хумьсан. Гэхдээ ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй дөрвөн багийн эмч нар өвдсөнөөс эхнээсээ эдгэж байгаа. Хяналтын 14 хоногт байна. Дөрөв дэх кластер бол Энхсаран сувилалд бүртгэгдсэн 59 тохиолдол. Эдгээр нь гуравдугаар сарын 14-нөөс хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Тус сувиллаас эхний тохиолдол арваннэгдүгээр сарын 4-нд гарсан нь тухайн хүний өөрсдийн сахилга дэг журамтай холбоотой. Энэ асуудал шалгагдаж судлагдаж байна.

-Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдлуудын тухайд дүүргээр нь ангилбал, тоон мэдээллүүд нь эргэлзээтэй байна?

-Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр 11 тохиолдол байсан бол өнөөдөр 10 боллоо гэх асуудал яригдаж байна. Тэгвэл иргэдийн зарим нь хоёр хаягтай байна. Зарим нь хаяггүй. Батлагдсан тохиолдлыг эхний хаягаар бүртгэхэд судалгааны явцад оршин суугаа хаягаа үгүйсгэдэг. Өөр хаяг хэлдэг. Тоон мэдээлэл өөрчлөгдөж буй шалтгаан нь хаягийн зөрчилтэй холбоотой. Иргэд иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн маш их зөрчилтэй байдаг юм байна. Тиймээс иргэд үнэн зөв мэдээлэх хэрэгтэй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах