Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүний энэ оны нэгдүгээр сарын 14-нд өргөн мэдүүлсэн Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Уг хуулийн төслийн танилцуулгад 1920 оноос эхлэлтэй улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн. Монгол дахь бурхны шашин, соёлыг устгаснаар манай үндэсний оюун санааны өв тээгчдийг шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг үгүй хийж, хойч үедээ үнэлж барашгүй хохирол учруулсан. Иймд 1930-1940 онд Монголд устаж үгүй болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсрууллаа гэжээ.

Хуулийн төсөлд “Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна” хэмээн заасан байна.

Мөн нөхөн олговрыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгоно. Уг хөрөнгийг бурхны шашны сүм, хийдийн үйл ажиллагага дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх, хүүхэд залуучуудад бурхны шашны сургаалын гүн ухааныг ойлгуулах сургалт зохион байгуулах, ядуурлыг бууруулах, зовлонд нэрвэгдсэн хүн ардад туслах, байгаль орчныг хамгаалах зэрэг үйлсэд зарцуулахыг хуулийн төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, хэлэлцэх асуудлыг дарааллаас хасав.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах