БНАСАУ-ын иргэд өлсгөлөнгийн ирмэгт тулжээ

Ким Жон Уны бие даах гэсэн амбиц Умард Солонгосыг эдийн засгийн уналт, хүнсний хомсдолд орууллаа. Умард Солонгост хүргэж өгөхөөр бэлдэж савласан эрүүл мэндийн хэрэгслүүд болон уургийн өндөр агууламжтай жигнэмгүүд БНХАУ-ын Дандун хотын Ялу голын эрэг дээр очоод цааш явж чадалгүй гацжээ. Учир нь Ким Жон Уны Шинижү хот дахь хилийн босгыг орчин үежүүлэн шинэчлэх мастер төлөвлөгөө бүтэлгүйтэж, шинэ гүүр, зам, барилга барих ажил зогсонги байдалд орсон байна.

Энэ бол Ким Жон Ун Хятадад цар тахлын тохиолдол огцом өссөнөөс болж хил давах агаар, газар, усан бүх зам, гарцыг хааснаас хойш Умард Солонгос жил гаруй хугацаанд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаад буйн ердөө нэг жишээ юм.

Их Британийн Лийд их сургуулийн Умард Солонгос судлаач мэргэжилтэн Айдан Фостер Картер “Пёньян гадаадын тусламж болон дотоодын эдийн засгаа шинэчлэхээс татгалзсанаасаа болж мөхөлд ойртлоо” хэмээн дүгнэжээ. Тэрбээр “Хятад, Вьетнамын жишээнээс бид социалист дэглэмтэй улс эдийн засгаа хэрхэн шинэчилж болдог аргыг олж харсан. Тэдний хэрэглэсэн арга үр дүнтэй болсноор коммунист намын засаглал улам бэхжихийн хажуугаар төрийн капитализм бий болдог” хэмээн ярьсан байна.

Олон улсын засгийн газрууд, олон улсын тусламжийн байгууллагууд, хүний эрхийн нийгэмлэгүүд болон дипломатууд Ким Жон Унд хилээ хэсэгчлэн нээж, гадаад орнуудын тусламжийг хүлээн авахыг зөвлөж байгаа билээ. Тус улсад 25 сая ард түмнээ хэрхэн вакцинжуулах тодорхой төлөвлөгөө үгүйн хажуугаар эдийн засгийн сүйрэл, өлсгөлөн зэрэг ноцтой асуудлууд тулж ирээд буй.

Мөн Өмнөд Солонгосын эв нэгдлийн сайд И Ин Ён олон улсыг Умардын ард түмэнд тохиолдож болзошгүй гамшгаас сэргийлэн хориг арга хэмжээнүүдээ зөөлрүүлэхийг уриалжээ. Тэрбээр “Зөв цагт тохиромжтой тусламж үзүүлэх нь манай хоёр орны харилцааны хувьд маш чухал зүйл” хэмээн хэлсэн байна.

Умард Солонгос өнгөрсөн жил цар тахлаас болж хилээ хаасны дараа олон улс эдийн засгийн хориг тавьж, үерт автан гурван том цохилтын ард гарсан билээ. Улмаар Пёньян 1990-ээд оны дунд үеийн хэдэн сая хүний амь насыг авч одсон өлсгөлөнгөөс хойш хамгийн хүнд эдийн засгийн уналтад ороод буйг Умард Солонгос судлалын мэргэжилтнүүд баталжээ.

Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар, тус улсын байдал муугүй байгаа гэх боловч Пёньянд буй мэдээлэгч, сүүлийн үед дүрвэсэн дүрвэгч нарын баталж байгаагаар БНАСАУ-д хүнс, хувцас гэх мэт өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн үнэ тэнгэрт хадсан аж.

Хүний эрхийн нийгэмлэгийн судлаач Дина Юн “Умард солонгосчууд маш хүнд байдалд байна. Өдгөө өмнөх жилийн хурааж авсан бага ургац нь аль хэдийн дууссан бөгөөд дараагийн ургац хүртэл хоёроос гурван сарын хугацаа үлдээд байна” хэмээжээ. Мөн Сөүлээс гаралтай Вена их сургуулийн Умард Солонгосын эдийн засаг судлаач Петер Вард “Эрдэнэ шиш тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Энэ үнийн хөөрөгдөл Умард Солонгосын ихэнх гэр бүлүүдэд маш хүнд тусч байна” хэмээн ярьжээ.

Хилээ хаан, гадаад улстай хийх наймаагаа зогсоосон нь Умард Солонгосын худалдаа эрхлэгчдийн амьдрал төдийгүй чинээлэг давхрагынханд ч мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн аж. Пёньян дахь эх сурвалжуудтайгаа тогтмол холбогдож мэдээлэл авдаг дүрвэгч Кан Чол Хуаны хэлснээр Дёньяны зах зээл бараг зогсчээ.

Хэдий ийн хүнд асуудлууд тулгарч буй ч Ким Жон Ун өвөөгөөсөө уламжлан авсан бие даах амбицаа алдалгүй авч явсаар байгаа гэнэ. Эх сурвалжуудын баталсанчлан тэрбээр гадаад улсуудаас тусламж хүсэх, дотоодын эдийн засгаа сэргээх зэрэг алхам хийхийн оронд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх сонголт хийсэн байна.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах